Зомби гэж юу вэ?

| 10/4/14

Олон зууны тэртээгээс хүмүүсийн зүрхэнд айдас хүйдэс хуруулсан муу ёрын амьтад бол цус сорогчид, босоо ороолон гэж үзсээр ирсэн. Эдгээр амьтад хичнээн аймшигтай ч өөрийн зөн билэг, оюун ухаанаараа хөдөлдөг. Гэтэл өөрийн ямар ч ухаангүй, биеийг нь эзэмдсэн хар шидийн хүчинд л захирагддаг амьтан байдагт зарим ард түмэн итгэсээр иржээ. Ийм амьтдыг зомби гэдэг байна.
Зомби гэдэг үг анх 1810 онд Роберт Саутигийн зохиосон «Бразилийн түүх» гэдэг номонд дурдагджээ. Энэ нь Баруун Африкийн оршин суугчдын тахин шүтдэг нэгэн бурхан юм байна. Хэл зүйчдийн тодруулснаар зомби буюу «нзамби» нь Африкийн банту хэлний «талийгаачийн сүнс » гэсэн утгатай үг гэнэ. Антилийн арлууд болон Баруун Африкийн уугуул нутгийнхан үхсэн хүний сүнсийг амилуулж, дуулгавартай боол болгодог хар шидийн талаар их ярьдаг аж.
18-р зууны эхээр одоогийн Бенин, Нигерээс хар арьст боолчуудыг Гаити улсад авчрах болсноор зомби гэдэг үг тархаж эхэлсэн гэдэг. 1929 онд «Нью-Йорк Таймс» сонины нийтлэлч Вильям  Сибрукийн «Ид шидийн арал» ном гарснаас хойш амилсан үхдлүүд олны анхаарлыг татах сэдэв болсон байна. Сибрук өөрөө Гаитид вуду омгийн шидтэн Маман Селийн хажууд хэсэг хугацаагаар амьдарч олон янзын хачирхалтай ёслол, зан заншлыг биеэр үзжээ. Энэ үедээ сахарын тариалан дээр үхэгсэд ажилладаг болохыг олж мэдсэн гэнэ. Түүнийг зомбигийн нүд: ямар ч амьдралгүй, хоосон харц хамгийн их цочирдуулсан гэдэг. Энэ нь туйлын аймшигт үзэгдэл байсан гэнэ.
Сибрук европчуудыг зомбитой анх танилцуулсан байж болох ч түүнээс хэдэн мянган жилийн өмнө үхсэн хүнийг буцаан амь оруулдаг арга байдгийг олон оронд мэддэг, энэ явдлыг туйлын ихээр эсэргүүцдэг байжээ. Жишээ нь, Ирландад 8-р зууны үед оршуулсан байж таарах хоёр эрэгтэй хүний араг яс олдсон байна. Тэдний аманд чулуу хийсэн байсан нь буцаан амилуулахаас сэргийлсэн утгатай гэнэ.
Эртний домогт өгүүлснээр, талийгаачдын аманд чулуу хийж оршуулбал үхсэн хүний сүнс, эсвэл ямар нэг муу ёрын сүнс энэ бие рүү нэвтрэн орж чадахгүй болох гэнэ. Цус сорогчдыг ч тэгж оршуулдаг, гэвч цус сорогчдын тухай домог 700 гаруй жилийн дараа гарсан тул хүмүүс зомбиноос л болгоомжилсон хэрэг.
Азийн бөө нар ч хүмүүсийг өөрийн дуулгавартай зарц болгон хувиргах хар шидийг мэддэг байсан гэнэ. Хантчууд, нанайчууд, ненцүүд зэрэг умардын ард түмнүүд ч «хет» гэж нэрлэгдэх, булшнаасаа босч ирсэн зүрхгүй хүний тухай аймшигт домог ярьцгаадаг. 
X-XII зууны үеийн Хойд Монголчуудын он цагийн бичээсэнд эртний Скифчүүд дайн тулааны үеэр аймшигтай дүр төрхтэй, өрөвдөж хайрлахыг мэдэхгүй «сүнсгүй хүмүүс»-ийг ашигладаг байсан тухай бичиж үлдээсэн байдаг. Тэднийг кадиле гэдэг байсан бөгөөд скифчүүд өөрсдөө ч тэдэнд туйлын харгис хэрцгий ханддаг байсан аж. Тувагийн зарим омгийнхон нас барсан төрөл төрөгсдөө оршуулахдаа «хар бөөний» боол болгохгүй гэж зүрхийг нь сугалан авдаг байжээ.
Оросын Михаил Семёнович Некрасов гэх угсаатан судлаач 1905 онд нэг хачирхалтай хүнтэй уулзсан тухайгаа бичсэн байдаг. Энэ хүн нь тунгуссын бөө Сазыргелийн боол байсан бөгөөд эзнийхээ хүслийг харцаар нь ойлгож үйлчилдэг байсан аж. Түүний насыг тодорхой хэлэх аргагүй: нүүр нь хатаж хорчийсон арьс шиг жижиг жижиг үрчлээсээр дүүрэн байсан гэнэ. Энэ юун хүн болохыг асуухад бөө: Энэ заяа муутын сүнсийг их бөөгийн онгод сахиус авсан гэж хариулжээ.
Камчаткийн Пала-На тосгонд ажиллаж байсан эмч Дмитрий Караваевт бас нэг сонирхолтой учрал тохиолджээ. Нэгэн омгийн толгойлогч эмчлүүлснийхээ шагналд үхсэн хүнийг амилуулж болох тангийн жорыг түүнд хэлж өгчээ. Гаитийн уугуул иргэд өнөө үед ч гэсэн амьд үхэгсдийг харж, тэдний дундаас төрөл садан, найз нөхдөө олж таньсан гэж батлан ярьцгаадаг. 
Хүнийг зомби болгон хувиргадаг Вуду омгийнхны арга маш нууц байдалд хадгалагддаг. Зомби болгохын тулд үхээд хэдхэн хоносон шинэхэн хүүр хэрэгтэй гэнэ. Иймээс нутгийнхан талийгаачдынхаа сүнсийг хар домчид алдахгүйн тулд хэдэн өдөр манаж хонодог ажээ. Гаитийн оршин суугчид зомби ид шид, тарнийн хүчээр бий болдог гэдэгт итгэдэг бол энэ асуудлыг судалсан мэргэжилтнүүд тетродотоксин гэх хорны үйлчлэлээр хүн ухаан мэдрэлгүй утсан хүүхэлдэй болон хувирдаг гэж үзэж байна. Энэ хор бөмбөлөг загас болон фуго загасанд байдаг аж. Хар домч нар энэ бодисоор ундаа бэлтгэж таалагдаагүй хүндээ болон бие хаа сайтай, хар ажил хийх чадвартай  хүмүүст уулгадаг гэнэ.
Тетродотоксины үйлчлэлээр хүний биеийн бүх үйл ажиллагаагаа зогсох тул ямар ч туршлагатай эмч түүнийг нас барагсдаас ялгаж чаддаггүй гэнэ. Ийм хүнийг тодорхой хэд хоногийн дотор булшнаас нь гарган авч тусгай арга хэрэгслэлийн тусламжтайгаар буцаан амь оруулж болох ч энэ нь зөвхөн рефлексийн түвшний л амьдрал байх аж. Зомбийг буцааж ухамсарт амьдралд нь оруулах арга одоогоор мэдэгдээгүй байна. Орчин үеийн африк домчдын хэрэглэдэг нууцлаг жор нь хүний мэдрэлийн системд маш хүчтэй нөлөөлж үл ойлгогдох шалтгаанаар үхүүлдэг болох нь нотлогдсон тул Африк явж буй хүмүүст нутгийнхантай эв эвдрэлцэх, ямар нэг идэж уух зүйл амсахгүй байх талаар байнга сануулга өгдөг байна. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Prev
▲Top▲